Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Бекир Алтунтай ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтаар Шүүхийн захиргааны ажилтнуудыг бэлтгэх, чадавхжуулах хамтын ажиллагаа, Шүүхийн цахим шилжилтийн туршлага судлах, Шүүгч, хуульчдын сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжуудын талаар ярилцсан байна.
Турк Улсын Хууль зүйн академи нь шүүгч, прокурор болон хууль зүйн бусад мэргэжилтнүүдийн сургалт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Хууль зүйн академийн хүндэтгэлийн өргөөнд зочилж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам дурсгалын үг бичиж үлдээв.
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл 2014 онд Турк Улсын Хууль зүйн академитай "Харилцан ойлголцлын санамж бичиг" байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнээс хойш хоёр байгууллага хамтарсан уулзалт, сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах, мэргэжилтэн, сургагч багш солилцох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, хууль зүйн салбарын харилцааг бэхжүүлэн, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Мэдээллийн төв