Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны хоёрдугаар сарын 17-20-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг, Н.Баасанжав, А.Насандэлгэр Сургалт, судалгааны төвийн судлаач Б.Баатар нар багтжээ.
Төлөөлөгчдийн айлчлалын зорилго нь Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн сонгон шалгаруулалтын олон улсын туршлагыг судлах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэхэд чиглэж байна.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ноён Мехмет Акиф Экинжи, нэгдүгээр танхимын тэргүүн ноён Халил Коч, хоёрдугаар танхимын тэргүүн ноён Атила Өзмүрк, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Рамазан Акин, Доктор Мүжган Каряагди болон тус зөвлөлийн шүүгчид, албаны төлөөлөгчид хүлээн авч, уулзалт хийлээ.
Уулзалтаар Шүүгч, прокурорын зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт Хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах, дэвшин ажиллуулах журам, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Шүүхийн хараат бус байдлыг хангах бодлогын чиглэл зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцсон байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл нь хууль эрх зүйн салбарт хамтран ажиллах 12 дахь “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотод байрлах Шүүгч, Прокурорын зөвлөлтэй байгууллаа.
Уг баримт бичигт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ноён Мехмет Акиф Экинжи нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар, Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах, Хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг хамгаалах, Иргэн төвтэй шүүхийн тогтолцоог боловсронгуй болгох, Хоёр улсын шүүхийн байгууллагууд харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Олон улсын байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Олон улсын бага хурал, уулзалт, симпозиум, семинарыг хамтран зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байна.
Шүүгч, прокурорын зөвлөлтэй байгуулсан санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа М.Болдбаатар нар байлцав. Элчин сайд Г.Мөнхбаяр 2025 онд хоёр улсын дипломат харилцаа улам өргөжин тэлж, онцгой ахиц дэвшил гарна гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Бекир Алтунтай ажил хэргийн уулзалт хийнэ.
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл болон Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн хамтын ажиллагаа нь 2013 онд харилцан айлчлал хийснээр эхлэл тавигдаж, 2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Истанбулын Олон Улсын Эрх зүйн чуулга уулзалт”-д оролцон, Шүүгч, прокурорын зөвлөлд айлчилсан түүхтэй бөгөөд хоёр улсын шүүхийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцолыг бэхжүүлэх, шинэ шатанд гаргах зорилготой айлчлал ийнхүү амжилттай үргэлжилж байна.
Мэдээллийн төв