Австралийн Холбооны Улсад 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, А.Отгонцэцэг, С.Энхбаатар, Л.Энхбилэг болон Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын референт Б.Сугармаа, Эвлэрүүлэн зуучлагч, зөвлөх Р.Ичинхорлоо нар албан айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Шүүх байгуулах тухай хуульд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байгуулахтай холбогдуулан Австралийн холбооны тойргийн болон гэр бүлийн шүүхэд зочиллоо.
Төлөөлөгчдийг тус шүүхийн шүүгч Марк Андерсон болон Грант Ретмюллер нар хүлээн авч уулзан, Монгол Улсад гэр бүл, хүүхдийн шүүх байгуулагдах болсонд баяр хүргэж, гэр бүл хүүхэд, цаашлаад нийгмийн сайн сайхны төлөөх томоохон алхам болохыг онцлов.
Мөн Бүртгэл мэдээллийн хэлтсийн менежер Жэймон болон Хууль зүйн туслалцааны төвийн хуульч, өмгөөлөгч Рүт Пилкинтон нар тус шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг танилцууллаа.
2021 онд Австралийн Холбооны тойргийн болон гэр бүлийн шүүхийн тухай хууль батлагдсанаар тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг байсан Австралийн Холбооны тойргийн шүүх, гэр бүлийн шүүхүүд нэгдэж Австралийн Холбооны тойргийн болон гэр бүлийн шүүх болж, 1 дүгээр хэлтэс, 2 дугаар хэлтэс гэсэн хоёр тусдаа бүтэцтэй болсон байна.
Австралийн Холбооны Улсын Үндсэн хуулийн III бүлгийн дагуу 1975 онд Парламентаас байгуулагдсан дээд шатны шүүх болох Австралийн Гэр бүлийн шүүх нь гэр бүлийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, хамгийн нарийн төвөгтэй гэр бүлийн эрх зүйн хэрэг, давж заалдах хэргийг хянан шийдвэрлэдэг байсан бөгөөд тус шүүхийн үйл ажиллагааг Австралийн Холбооны тойргийн болон гэр бүлийн шүүхийн 1 дүгээр хэлтэс, 2000 онд Парламентаас байгуулагдсан өргөн хүрээний холбооны эрх мэдэл бүхий дунд шатны шүүх болох Австралийн Холбооны тойргийн шүүх нь гэр бүлийн эрх зүй, цагаачлал, шударга хөдөлмөр, дампуурал, оюуны өмч, хэрэглэгчийн эрх, хүний эрх болон захиргааны эрх зүйн хэргийг хянан шийдвэрлэдэг байсан бөгөөд тус шүүхийн үйл ажиллагааг Австралийн Холбооны тойргийн болон гэр бүлийн шүүхийн 2 дугаар хэлтэс тус тус хариуцан хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг байна.
Мөн Баруун өмнөд Сиднейд байрлах Фэйрфилд хотын Гэр бүлийн харилцааны төвд зочилсон бөгөөд төлөөлөгчдийг тус төвийн дарга Абдур Рехман хүлээн авч уулзан, төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар танилцуулав.
Тус төв нь Гэр бүлийн эрх зүйн тогтолцоонд оруулсан өөрчлөлтийн дагуу 2006 онд байгуулагдсан бөгөөд салсан гэр бүл, гэр бүлд үүссэн үл ойлголцол, харилцааны асуудалд зөвлөн туслах зорилгоор гэр бүл, хосууд, хувь хүнд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр гэр бүлийн маргаан шийдвэрлэх болон гэр бүлийн хөрөнгийн маргаан шийдвэрлэх, мөн Хууль зүйн төвүүдтэй хамтран гэр бүлүүдэд хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ, салсан гэр бүлд зориулж хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах, харилцах талаар сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.
Төвийн дарга Абдур Рехман “Эвлэрүүлэн зуучлалаар зөрчлийг арилгаж, харилцан ойлголцолд хүргэх нь шүүхийн ачааллыг бууруулах, төсөв зардлыг хэмнэхэд чухал ач холбогдолтой” гэв. Австралийн Гэр бүлийн харилцааны төвүүд нь үйлчлүүлэгчийн орлого, төлбөрийн чадварт үндэслэн үйлчилгээгээ үнэгүй, эсвэл бага төлбөртэйгөөр үзүүлдэг.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР