Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2023.12.19) болж, сүүлийн хагас жилийн байдлаар анхан болон давж заалдах шатны шүүхийн 289 шүүгчийн ажлын зохист ачааллаас хэтэрсэн хувь хэмжээг баталж, зохих урамшууллыг олгохоор тогтлоо.

     Түүнчлэн гурван шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийг хэлэлцээд, шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх тухай тогтоолыг батлав.

     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллаж байгаа 1 шүүгчийн сэлгэн ажиллах хугацааг дуусгавар болгохоор шийдвэрлэлээ.  

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны төсвийн хуваарийн танилцуулгыг сонссон юм.

       Мөн зарим шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечлэн хийсэн аудитын дүнтэй танилцлаа.

      Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газруудын 2023 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг хийлээ.

     Нийлбэр дүнгээр “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрыг “Шилдэг менежменттэй, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусламжийн хонх” ажлыг хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрыг "Шилдэг инновац нэвтрүүлсэн", “Дотоод удирдлага хяналтын систем” ажлыг хэрэгжүүлсэн Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрыг шилдэг ажил хэрэгжүүлсэн төрөлд тус тус шалгаруулав.

       Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболдын өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийг хүлээн авч, уг албан тушаалын сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэгийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс