Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, хууль зүйн ухааны доктор Н.Баярмаа “Арилжааны эрх зүйн зарим асуудал”, “Үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зарим асуудал” эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн эмхэтгэлээ хэвлүүлсэн. Тэрээр эрдэм шинжилгээний эмхэтгэлээ өнгөрсөн баасан гарагт /2023.04.21/ танилцууллаа.
Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүд, шүүгчид, хуульчид, хууль зүйн ухааны доктор, профессор, эрдэмтэн судлаачид уригдан оролцсон юм.
“Арилжааны эрх зүйн зарим асуудал” түүвэр эмхэтгэл нь хувийн эрх зүйн чиглэлээр, үнэт цаасны эрх зүй, бизнесийн байгууллага, эдийн болон эдийн бус хөрөнгийн барьцаа, төлбөрийн чадваргүйдлийн (дампуурлын) эрх зүй болон худалдааны эрх зүйн зохицуулалтын тойм болон харьцуулалтын талаар асуудал дэвшүүлсэн 12 бүлгээс бүрджээ.
Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлүүд нь материаллаг эрх зүйн төдийгүй процессын эрх зүйн тулгамдсан асуудлуудыг багтаасны зэрэгцээ уг эмхэтгэлд хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай түгээмэл 73 асуулт, хариулт бүхий иргэдэд зориулсан 78 хуудас гарын авлагыг агуулсан байна. Ингэснээрээ хуульч төдийгүй нийт иргэдийн хууль зүйн хэрэгцээнд зориулагдсан бүтээл болжээ.
“Үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зарим асуудал” эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн эмхэтгэл нь өмчлөгчийн бүрэн ба хязгаарлагдмал эрх (ипотек, сервитут, узуфрукт, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх), төрийн нийтийн өмчийн болон орон нутгийн өмчийн газар, нийтийн зориулалтай орон сууц эзэмшигчдийн өмчийн эрхийн суурь ойлголтыг агуулснаараа онцлог юм. Монгол Улсад харьцангуй шинэ салбарт тооцогдох нийтийн зориулалттай сууц өмчлөгчийн эрх, кондоминиумын тухай ойлголт, газар болон түүний дээр салшгүй бэхлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл болон тухайн эрхтэй зэрэгцэн орших, өмчлөх эрхийг хязгаарлах бусад эрхийг харьцуулан, нэгтгэн дүгнэж бичсэн өгүүлэл, эмхэтгэлүүд уг бүтээлд багтсан байна.
Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаагийн “Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн хөгжил: Суурь зарчмыг нэгтгэх нь” сэдэвт докторын судалгааны ажил, “Арилжааны эрх зүйн зарим асуудал”, “Үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зарим асуудал” шинэ бүтээл танилцуулах арга хэмжээ 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно. Тэрбээр уг арга хэмжээнд зориулж Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд докторын зэрэг хамгаалсан “Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн хөгжил: Суурь зарчмыг нэгтгэх нь” сэдэвт бүтээлээ хэвлэн гаргажээ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс