Хялбар ажиллагааны шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг дэмжихээр байгуулсан Ажлын хэсэг, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлага, төлөөлөлтэй 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж, дараа нь “Цахим шүүх 2.0” системийг Улсын Прокурорын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын системүүдтэй холбох (интеграци хийх), шүүх хуралдааныг цахимаар зохион байгуулах боломжийг бүрдүүлэх, тоон гарын үсгийг хэрэглэх, мэдээлэл солилцох зэрэг асуудлаар уулзаж ярилцлаа.

 

 

     Уулзалтын эхэнд тус шүүхийн Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Ж.Баттулга мэдээлэл өгч, үйл ажиллагаатай танилцуулав. Тус шүүх өдөрт 100-150 зөрлийн хэргийг хүлээн авч, нийт 2706 зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн байна.  Шүүх хуралдааны танхимаар 1800 гаруй хуралдааныг, 900 гаруй шүүх хуралдаан, хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулжээ. 2025 оны 02 сард  цахимаар оролцох дөрвөн шүүх хуралдааны танхим нэмж тохижуулсныг оролцогчид үзэж танилцав. Оролцогчдод ажлын хэсгийн ахлагч Н.Баасанжав, ажлын хэсгийн гишүүн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн цахимжуулах,  хялбаршуулсан эрүүгийн хэргийн шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг цахимаар явуулах боломжтой нөхцөлийг бүрдүүлснийг мөн хэллээ. Ерөнхий шүүгч Б.Халиун шүүхээс цахимжуулалтын ажлыг нэвтрүүлэхдээ прокурор, цагдаагийн байгууллагын саналыг хүлээн авах, ажилдаа тусгах чухал болохыг энэ хэлбэрээр ажиллаж байгааг онцлон дурдсан юм.

 

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн цахимжуулалтын төвийн дарга Т.Мөнхбаяр болон “Ай Си Ти Групп” ХК-ийн дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр нар “Цахим шүүх 2.0” системийн шийдэл, зөрчлийн хэргийг цахимаар шийдвэрлэх боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл өгөв. Шүүхийн цахимжуулалтын төвийн дарга Т.Мөнхбаяр, “Ай Си Ти Групп” ХК-ийн дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр нар Цахим шүүх 2.0 систем, зөрчил шалган шийдвэрлэх системийг бэлэн болгож, нэвтрүүлж эхлэхэд Улсын Прокурорын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газартай мэдээлэл солилцох хэрэгцээ, шаардлага, зарим шийдлийн талаар, зөрчлийн хэрэг бүртгэлийн нэгдсэн системээс мэдээлэл солилцох боломжийг судлах  болон прокрурорын санал, дүгнэлтийг тоон гарын үсэгтэйгээр цахимаар шүүхэд хүргүүлэх талаар судлах  саналыг тус тус хэлэв. Мөн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх хурлыг цахимаар хийх боломжтойг мэдэгдэж, эрх бүхий албан тушаалтан тоон гарын үсгийг хэрэглэх шаардлагатай гэлээ.

 

 

     Уулзалтаар шүүх хуралдааныг цахимаар зохион байгуулахтай холбогдуулан Зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг цахимаар зохион байгуулах хууль эрх зүйн болон техникийн боломжийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга Б.Оюутболд, Цагдаагийн Ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Мэдээллийн технологийн хэлтсийн дарга М.Мөнхзул нар Дүүрэг, хорооны цагдаагийн байрнаас эрх бүхий албан тушаалтнууд зайнаас оролцох нөхцөл бүрдүүлэх, зөрчлийн хэрэгт холбогдогчийн эрхийг бүрэн хангасан байдлаар зайнаас оролцуулах боломжтой гэв.

   Прокурор цахимаар оролцох нөхцөл, дэд бүтцийг сайжруулах болон “Цахим шүүх 2.0” системийн интеграцчлалын талаар Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Мөнхбаатар, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дундын мэдээллийн системийг “Цахим шүүх 2.0” системтэй холбох боломжийг судлах шаардлагатай. Зөрчлийн хэргийн баримтыг цахимаар ирүүлэх, прокурорын санал, дүгнэлт зэргийг цахимаар солилцох боломжийг судлах, эрүүгийн хэрэг бүртгэх, хянах системийг хийх хүртэл Улсын Прокурорын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар “Цахим шүүх 2.0” системийг ашиглах талаар судлах  саналыг хэллээ. 

 

 

 

    Уулзалтын төгсгөлд дараагийн уулзалтыг цахимаар зохион байгуулахаар тохиролцож, шүүх хуралдааныг цахимаар явуулах хууль эрх зүйн орчин, техникийн нөхцөлийг улам сайжруулах ажлыг үргэлжлүүлэн хийхээр шийдвэрлэсэн байна.

   Энэхүү уулзалт нь Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах, хялбар ажиллагааны хэргийн шийдвэрлэлтэд дэвшил гаргах, шүүх хуралдааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.

Мэдээллийн төв