Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн үйл ажиллагааны эхний хэлэлцүүлэг “Holiday Inn”-ны хурлын танхимд (2024.12.06) болов.
“Шүүх болон хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг сайжруулах арга замууд” сэдэвт уулзалтыг Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд нээж үг хэлсэн бөгөөд тус хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, хуульч, эрх зүйч, иргэний нийгмийн төлөөлөл оролцов.
Анхны хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар “Шүүх болон хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, зохицуулалт” сэдвээр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтулга “Шүүн таслах ажиллагааны үндэслэл журам” сэдвээр, “Шүүхийн сурвалжилга ба анхаарах асуудлууд” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнгийн багш доктор Ц.Оюунтунгалаг нар тус тус илтгэл тавьж, “Шүүх ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд, сайжруулах арга замууд” танхимын хэлэлцүүлгийг өрнүүлэв.
Шүүгч Ц.Мөнхтулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар нар илтгэлийн хүрээнд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Тус уулзалтад оролцсон 30 орчим сэтгүүлч, эрх зүйч, иргэний нийгмийн төлөөллөөс өнөөдрийн хэлэлцүүлсэн сэдэв асуудлын ач холбогдлыг цөөн асуулттай үнэлгээний хуудсаар авахад үр дүнтэй уулзалт боллоо гэж хариулсан байна.
Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлснээр шүүхийн байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шүүхийн сэтгүүл зүй болон тайлбарлах сэтгүүл зүйн аргад суралцуулан чадавхжуулж байгаа нь цаг үеэ мэдэрсэн үр дүнтэй үйл ажиллагаа болох нь уулзалтад оролцсон төлөөллүүдийн үнэлгээнээс харагдлаа.
Мэдээллийн төв