Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2024.10.10) болж, шүүхийн цахимжилтын ажлын хэсгийн III улирлын тайлантай танилцлаа.

     “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 21 дүгээр тогтоолоор цахимжилтын ажлын хэсэг байгуулсан бөгөөд 2024 оны ажлын төлөвлөгөө, худалдан авах ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг хавсралтаар баталсан.

    Тус ажлын хэсэг энэ оны III улирлын байдлаар төлөвлөгөөний биелэлт, нэмэлт ажлын тайлан, төслийн нэгжийн тайлан, “Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/”-ын дагуу хийх ажлын төлөвлөгөө, цаашид хэрэгжүүлэх ажлын жагсаалт сэдвийн хүрээнд ажлаа тайлагнав.

 

      “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-д 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/58 дугаар тушаалын хавсралтаар “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журам”-ыг баталсан. Үүнтэй холбогдуулан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтын загвар”-т нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэн бөгөөд “Нэр томьёоны тодорхойлолт”, “Систем ашиглалт”, “Эрүүгийн хэрэг хүлээн авах”, “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх”, “Зөрчлийн хэрэг хүлээн авах”, “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Давж заалдах шатны шүүх хуралдаан бэлтгэл хангах”, “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-нд тус тус 1 бүлэг, 10 хэсэг, 84 заалт нэмэгдсэн тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.1 дэх заалтад “өмнө нь тухайн хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орсон бол;” гэж заасны дагуу шинэчлэн баталлаа. 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс