Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.05.30) болж, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж,  хяналтын шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн 1 сул орон тоо гарсантай холбогдуулан сонгон шалгаруулалт зарлалаа. Тус сул орон тоонд нэр дэвшигчийн өргөдлийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд бүртгэнэ.

       Давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08:30 цагаас эхлэх хуваарийг баталлаа.

       “Шүүгчийн зэрэг дэв, түүний нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд саналаа хүргүүлэв.

       Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.7 дахь заалт “шүүгч нас барсан" нөхцөл үүссэн тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв.

       Нэр бүхий  шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдэл нь Зөрчлийн хуульд заасан зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар боллоо.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан “Зарим шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечлэн аудит хийх тухай” удирдамжийн дагуу Говьсүмбэр, Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар, Дорноговь аймгийн Замын-Үүд, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хийсэн аудитын нэгдсэн дүнтэй танилцаж,  аудитад хамрагдсан шүүхийн Тамгын газруудад хугацаатай зөвлөмж хүргүүлж биелэлтийг танилцуулахыг үүрэг болголоо.

       Албаны орон сууц ашиглах гэрээний хугацааг нэг жилээр сунгах хүсэлт гаргасан шүүхийн захиргааны нэр бүхий 6 албан хаагчийн хүсэлтийг дэмжиж шийдвэрлэв.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс