Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан захиргааны хэргийн шүүхийн мэргэшсэн ахмад шүүгч Цэрэннадмидын Батсүрэнтэй дурсамж, сэтгэгдлийг нь хуваалцаж, товч ярилцлаа. Ярилцлагыг толилуулж байна,  хүлээн авна уу.

 

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн хамт олонтойгоо 2014 он 

 

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Танд баярын мэнд хүргэе. Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсанаар шүүхийн тогтолцоонд ямар өөрчлөлт авч ирсэн гэж та хэлэх вэ?

Баярлалаа. Одоогоос 20 жилийн тэртээ 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад анх удаа нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрт шүүхийн хяналт тавьж, улмаар иргэн, хуулийн этгээдийн  зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зорилго бүхий Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэл, шүүхийн тогтолцоонд нэгэн шинэ хуудас нээсэн үйл явдал болсон юм. Улмаар 2010 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийг баталж,  2011 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсанаар Захиргааны хэргийн дагнасан шүүх тогтолцооны хувьд бие даан ажиллах боломж нөхцөл бүрдсэн.

             Шүүхийн тогтолцоонд Захиргааны хэргийн шүүх нь анх удаа хэрэг маргааны төрлөөр дагнан байгуулагдсан, мэргэшсэн шүүх гэдгээр тодорхой байр суурийг эзэлдэг.  Тус шүүх нь хууль дээдлэх, шударга ёсыг нийгмийн амьдралын бүх хүрээнд бүрэн утгаар нь хэвшүүлэн тогтооход чухал үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдөр төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд гаргаж буй шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлд илүүтэй анхаарч, салбар нэгждээ хуулийн хэлтэс, тасаг, хуульчтай болсон төдийгүй захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хуулийг биелүүлэх соёл, чиг хандлага төлөвшиж, захиргааны байгууллагын үйл ажиллагаа жил ирэх тутам хариуцлагажиж байна. Энэ утгаараа захиргааны хэргийн дагнасан шүүх нь шүүхийн тогтолцоонд  эрх зүйн шинэ чиг хандлагыг бий болгож, дагнасан шүүхийн түүчээ болон төлөвшин хөгжиж байгааг харахад бахархалтай байна.

 

Одоогийн бүтэц зохион байгуулалт цааш хэвээр үргэлжлэхэд тохиромжтой юу. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахад зохион байгуулалт талаасаа тулгамдсан өөрчлөлт хийх шаардлагатай зүйл ажиглагдав уу.

Юуны өмнө нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагын дагуу Захиргааны хэргийн дагнасан шүүхийн эрх зүйн орчин шинэчлэгдэж ирснийг хэлэх хэрэгтэй.

           Иргэддээ ойр, мэргэшсэн бөгөөд хүртээмжтэй шүүх ажилласнаар иргэний Үндсэн хуульд заасан шударгаар шүүлгэх эрх илүү баталгаажих учиртай. Иймээс   Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн одоогийн тогтолцоог хэвээр хадгалах нь тохиромжтой. Өнөөдөр захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар захиргааны акттай холбоотой татвар, газар, ашигт малтмал, тендер, төрийн алба гэх мэт бүхий л маргааныг хянан шийдвэрлэдэг.  Санхүү, татвартай холбоотой маргаан нь эрх зүйн мэдлэгээс гадна санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл зэрэг өргөн мэдлэг шаарддаг. Цаашид захиргааны хэргийн шүүгчдийг хэрэг, маргааны төрлөөр мэргэшүүлэх, хэрэгцээ шаардлага зүй ёсоор урган гарч байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д “Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр танхимтай байж болно”, 29 дүгээр зүйлийн 29.3-д “Давж заалдах шатны шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болно” гэж хуульчилсны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд татварын маргааныг хянан шийдвэрлэдэг танхим байгуулах нь өнөөгийн тулгамдсан асуудлын нэг юм.

            Түүнчлэн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхээр зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандах иргэд, хуулийн этгээдийн тоо жилээс жилд нэмэгдэж, тус шүүх нь Монгол Улсын Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг, маргааны 60 гаруй хувийг дангаараа шийдвэрлэж байгаа өнөөгийн бодит  нөхцөл байдлыг харгалзан, тус шүүхийн орон тоог нэмэгдүүлж, шүүгч нарыг хэрэг, маргааны төрлөөр цаашид дагнан ажиллуулах  нь хэрэг маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх, шүүн таслах ажлын чанарыг сайжруулах, улмаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

         Өнөөдөр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл хэрхэн биелэгдэж байгаа нь анхаарвал зохих асуудлын нэг болоод байна. Иргэд, олон нийт шүүх хичнээн хэрэг шийдвэрлэснээр биш, шүүхийн гаргасан шийдвэр хэрхэн биелэдсэнээр шүүхийн ажлыг үнэлж, дүгнэдэг болжээ. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг Засгийн газрын агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хариуцаж байгаа, захиргааны шүүхийн шийдвэрийн хэрэгжилт төдийлөн хангалттай бус байгаа нь  одоогийн дагаж мөрдөгдөж буй хууль  эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай нь бодит байдалд ажиглагдаж байна.

 

Хэргийн оролцогч цаашлаад иргэнд шударга нийгэмд амьдрахад Захиргааны хэргийн шүүхийн оролцоо ямар байна. Хуульд заасан үүргээ биелүүлж  чадаж байгаа юу. Ингэж асууж байгаа нь иргэд шүүхэд итгэх итгэл бага, ихэвчлэн албан тушаалтнуудын талд шийдвэр гардаг гэдэг таамаг ойлголттой байсаар байна. Үүн дээр нь хэвлэл мэдээллийн төрөл бүрийн сувгаар шүүхийн талаарх гарч буй таагүй мэдээллүүд нэрмээс болж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

         Шүүхийн 20 жилийн ойн өндөрлөгөөс эргэн харахад Захиргааны хэргийн дагнасан  шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоож, иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох чиг үүргээ хуулийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж, хууль ёсыг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтооход бодиттой хувь нэмэр оруулж ирснийг хэлэхийг хүсэж байна. Түүнчлэн тус шүүхээс гаргаж буй шийдвэр нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль хэрэглээний жишиг болж, тус шүүхээр үйлчлүүлж эрхээ хамгаалуулах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, иргэдийн эрэлт хэрэгцээтэй шүүх болж төлөвшин хөгжиж байгаатай хэн ч маргахгүй байх.

Намайг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр ажиллах хугацаанд жил бүрийн шүүн таслах ажиллагааны статистик, мэдээ тайлангаар нийт шийдвэрлэсэн хэргийн 50-60 орчим хувьд нь нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байсныг санаж байна. Энэ нь ийм хэмжээний захиргааны акт хууль бус байсныг тогтоож, иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх хамгаалагдсан гэсэн үг. Энэ үүднээс авч үзэхэд Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хууль дээдлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох, улмаар  Монгол Улсад ардчилсан эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирсэн, цаашид ч оруулах нь дамжиггүй юм.

   

                  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн хамт олонтойгоо 2020 оны 5 сар 

 

Та шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч, хуульчиддаа мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

Тэгэлгүй яах вэ. Шударга ёсыг тогтоох үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, тус шүүхэд хүч хөдөлмөр, бие сэтгэл, оюун ухаанаа зориулан ажиллаж байсан ахмадууд, мэргэжил нэгт хуульчид та бүхэндээ Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

         Энэ ялдамд түүхийн нэгэн 10 жилийн хугацаанд “Нийслэлийн” хэмээх тодотголтой захиргааны хэргийн шүүхийг төлөвшүүлэн бэхжүүлэхэд надтай хамтран ажиллаж ирсэн мэргэшсэн бөгөөд чадварлаг хамт олноор бахархахын зэрэгцээ та бүхний  Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, шударга ёсыг тогтоох, бие даасан хараат бус шүүхийг төлөвшүүлэх их үйлсэд тань ажлын их амжилт хүсье.

Мөн ойг тохиолдуулан шинэ бөгөөд дагнасан шүүхийн шүүгчдийг бэлтгэх, мэргэшүүлэх, шүүхийн материаллаг баазыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан Дэлхийн банкны санхүүжилттэй “Шүүх эрх зүйн шинэчлэл” төслийн баг,  ХБНГУ-ын Хансс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Эрх зүйн боловсрол академийн хамт олонд ойн баярын мэндийг дэвшүүлье.

Ярилцсанд баярлалаа. Эрүүл энхийг хүсье

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн хамт олонтойгоо 2017 он

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс