“Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын туршлагаас хуваалцаж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, А.Насандэлгэр, Шүүхийн сахилгын хорооны гишүүд, Шүүхийн цахимжуулалтын ажлын хэсэг, “Ай түүлс” ХК- ийн төлөөлөгч, “Аствишн” ХХК-ийн төлөөлөгч “Гөүсмарт” ХХК-ийн төлөөлөгч нар АНУ-ын ЖАВС(JAVS\Justice AV Solution) технологийн компанийн Олон улсын бизнесийн хөгжлийн мэргэжилтэн Эд Сегуратай өнөөдөр (2023.11.26) цахимаар уулзаж, танилцуулга, мэдээлэл сонсон, хамтын ажиллагааны санал солилцлоо.
Энэ үеэр шүүх хуралдааны танхимд дуу дүрсний хосолсон болон цахим бичлэгийн системийг нэвтрүүлж, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангаснаар иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар дурдаж байв.
Талууд Монгол Улсын шүүхийн мэдээллийн технологийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлаар дахин уулзалт төлөвлөхөөр тогтлоо.
“ЖАВС” компани нь 1985 оноос хойш үйл ажиллагаа эрхэлсэн, дэлхийн 11 оронд шүүх хуралдааны танхимд дуу дүрсний хосолсон болон цахим бичлэгийн системийг амжилттай нэвтрүүлсэн туршлагатай компани юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс