Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит болон сонгон шалгаруулалтын хуралдаан өнөөдөр (2023.10.19) болж, анхан шатны шүүхийн шүүгчийн 13, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэлээ. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 105, 163, 211, 231 дүгээр тогтоолоор зарласан Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийг бүртгэж, хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталлаа.

       Хуралдаанаар “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох тухай” тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 122 дугаар зарлигаар Булган аймаг дахь сумд дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шинээр томилогдсон 2 шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг хэлэлцэж, олгохоор шийдвэрлэлээ.

       Нэр бүхий  шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, нөлөөллийн мэдүүлэгт дурдсан захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар болов.

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс