Эрхлэгчийн зурвас
“Шүүх эрх мэдэл” улирал тутмын эмхэтгэлийн 2023 оны 2 дахь дугаарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойд зориулан эмхэтгэн уншигч Таны хүртээл болгож байна.
Их Монгол Улс байгуулагдсан 1206 оны Улаан барс жил “Их засаг” хууль соёрхон “Улсын их заргач” хэргэм бий болсноос хойш тоолбол Монголын шүүхийн тулгийн чулуу тогтон бэхжих суурь даруй 800 гаруй жилийн өмнө тавигдсан гэж үзэж болно.
Үүнээс хойш Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялсан 1911 онд анхны 5 яамны нэг болж байгуулагдсан Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны эрхлэх асуудлын хүрээнд Ариусган шүүн гэсгээх газар, Ардын хувьсгал ялсан 1921 оны 3 дугаар сард Дотоод яаманд “шүүн таслах хэлтэс”, тухайн оны 7 дугаар сараас “Шүүх явдлын яам” хэмээн байгуулагдаж хөдөө орон нутагт “зарга шийтгэх түр хэлтэс”, Засгийн газрын дэргэд “түр цагийн шүүх” гэхчлэн нэрлэгдэж шударга үнэнийг дэнсэлж он жилээр түүчээлсээр өнөөгийн бидэнд өвлөгдөн ирлээ. Цаг хугацааны явцад Монголын шүүхийн түүхээс мөр салаалан өөрийн түүхийг хамт бичилцсэн институт нь “Шүүхийн ерөнхий зөвлөл” билээ.
1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана” хэмээн тусгаж уг чиг үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлсээр өдгөө 30 жилийн босгыг алхаж байна. Түүх бол байсан, байгаа, байх буюу өнгөрсөн одоо ирээдүйн хэлхээс учир ойн тусгай дугаараа бид шүүхийн захиргааны түүхэн хөгжил, олон улсын жишиг, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагааны чиглэлээр бичсэн эрдэмтэн, судлаачдын бүтээл, гадаад улсын шүүхийн шүүгч нарын санал, сэтгэгдэл болон энэ салбарт ажиллаж байсан ахмад ажилтнуудын түүх өгүүлсэн дурсамж ярилцлагыг уншигч Танаа толилуулж байна.
Р.Онончимэг
Ерөнхий эрхлэгч
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
"Шүүх эрх мэдэл сэтгүүл"-ийн 2023 №2 дугаартай ЭНД дарж танилцана уу.