Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.06.08) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

       Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцсэн юм. Хуулиар тухайлан зохицуулаагүй ч хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдийг шүүхэд ирүүлэх ажиллагааг шүүхүүд өөр өөр байдлаар зохион байгуулж, шийдвэрлэдэг. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.4 дүгээр зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 153 дугаар зүйлийн 1, 185 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг практикт нэг мөр хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангуулах үүднээс Монгол Улсын дээд шүүхэд хандан тайлбар гаргуулах хүсэлт гаргахаар тогтлоо.

 

       Товчоор:

 

  • Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлана.
  • Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулна.
  • Нэр бүхий нэг шүүгчээс дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллах хугацааг дуусгаж, үндсэн шүүхдээ ажиллах хүсэлт гаргасныг дэмжсэнгүй.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд байрлах албаны таван орон сууцыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн  шүүгч Г.Энхцэцэг, шүүгчийн туслах Ж.Оргилсайхан, үйлчлэгч Б.Даариймаа, эмч Л.Урансайхан, референт О.Должиндэмид нарт нэг жилийн хугацаатай эзэмшүүлнэ.
  • Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр Шүүхийн тамгын газрын даргыг төрийн албанаас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэлээ.
  • Шүүгчийн ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмын төслийг дэмжиж, шүүгчдээс санал авахаар боллоо.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс