ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2022 он 01 дүгээр Дугаар 6/А3 Улаанбаатар хот
сарын 07-ны өдөр
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 , Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс болон албан томилолт, замын зардал олгох журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Шүүхийн иргэдийн төлөөлөгчид олгох хөлсийг тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад, тухайн шүүхийн төсвөөс олгохыг шүүхийн Тамгын газрын дарга нарт тус тус зөвшөөрсүгэй.
3.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Сангийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 65/110 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болгосугай.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ САНГИЙН САЙД
ЗӨВЛӨЛИЙН ДАРГА
Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ Б.ЖАВХЛАН
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Сангийн сайдын 2022 оны 6/А3 дугаар хамтарсан тушаалын хавсралт |
ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХӨЛС БОЛОН АЛБАН
ТОМИЛОЛТ, ЗАМЫН ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Шүүх хуралдаанд оролцож байгаа Шүүхийн иргэдийн төлөөлөгчид /цаашид “иргэдийн төлөөлөгч” гэх/ ажлын хөлс, албан томилолт, замын зардал олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.
Хоёр.Иргэдийн төлөөлөгчид хөлс олгох
2.1.Иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгсөн, тангараг өргөсөн, хэргийн материалтай танилцсан, шүүх хуралдаанд оролцсон цагийн нийлбэрээр иргэдийн төлөөлөгчийн ажилласан цагийг тооцно.
2.2.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажилласан иргэний шүүхэд ажилласан нэг цагийн хөлсийг нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, шүүх хуралдаан дууссаны дараа бэлнээр болон бэлэн бусаар олгоно.
2.3.Иргэдийн төлөөлөгчийн ажилласан цаг 8 цагаас бага бол ажлын 8 цагаар, 8 цагаас их бол ажилласан цагаар тооцно.
2.4.Иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцсан, иргэдийн төлөөлөгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл өгсөн, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцсон тухай тэмдэглэл, баримтыг үндэслэн тухайн шүүхийн Тамгын газраас энэ журмын 2.3-т зааснаар тооцож хөлс олгоно. Хөлс олгох баримтад шүүгчийн туслах, тухайн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурна.
Гурав.Иргэдийн төлөөлөгчийн томилолтын болон замын зардлыг олгох
3.1.Шүүх байрлаж байгаа орон нутгийн засаг захиргааны нэгжээс алслагдмал зайтай аймаг, сум, баг, хорооноос шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон, мөн шүүх хуралдаан дараагийн өдрүүдэд үргэлжлэхээр болсон тохиолдолд иргэдийн төлөөлөгчид томилолтын болон замын зардлыг шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн олгоно.
3.2.Сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн томилолтын зардлыг (төрийн албан хаагчид) олгох томилолтын зардлын жишгээр тооцно.
3.3.Замын зардлыг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн тасалбар, тооцооны баримт үндэслэн олгоно.
3.4.Шүүх байрлаж байгаа аймаг, сумын төвд амьдарч байгаа иргэдийн төлөөлөгчид томилолт, замын зардлыг олгохгүй.
3.5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан зөрчил гаргасан иргэдийн төлөөлөгчид томилолт, унааны зардлыг олгохгүй.
3.6.Нөөцөд сонгогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон бол түүнд ажилласан цагийн хөлсийг энэ журмын дагуу тооцож олгоно.
3.7.Хуульд заасны дагуу татгалзан гарсан иргэдийн төлөөлөгчид томилолт, замын зардлыг энэ журмын дагуу олгоно.
Дөрөв.Бусад зүйл
4.1.Тухайн шүүхийн Тамгын газрын жилийн төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн төлөөлөгчийн зардлыг тусгасан байна. Иргэдийн төлөөлөгчийн зардлыг тооцохдоо тухайн шүүхэд сүүлийн гурван жилийн байдлаар бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн хэргийн дунджаар тооцож шүүхийн төсвийн төслийг боловсруулна.
4.2.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажилласан иргэний ажлын хөлснөөс холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар тооцно.
4.3.Энэ журамд Шүүхийн ерөнхий зөвлөл, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
-----oOo-----