ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 54 дүгээр тогтоолоор "Шүүгчийн тангараг өргөх журам"-ыг шинээр баталсан.
1993 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дугаар 03 Улаанбаатар хот
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн "Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
1993 оны 03-р зарлигийн хавсралт
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ
1.Монгол Улсын шүүхийн шүүгч бүр томилогдсоноос хойш 30 хоногийн дотор Монгол Улсын шүүгчийн тангаргийг ёс төртэйгээр өргөнө.
2.Шүүгч өөр албан тушаалд шилжин ажилласны дараа шүүгчээр томилогдсон, түүнчлэн шүүгчийн тангараг өөрчлөгдсөн тохиолдолд шүүгчийн тангараг дахин өргөнө.
3.Тухайн шүүхийн тамгын газар, хэлтсийн дарга шүүгчийн тангараг өргөх газар, хугацаа /өдөр,цаг/-г тухайн шүүхийн ерөнхий шүүгчтэй зөвшилцөн тогтоож, тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэлийг хангаж зохион байгуулна.
4.Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд төр, захиргааны байгууллагын дирдах албан тушаалтан буюу тэдний төлөөлөгчид, түүнчлэн нам, олон нийтийн болон хэвлэл, мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөгчдийг урилгаар оролцуулж болно.
5.Шүүгчдийн тангараг өргөх байрыг ёслол төгөлдөр тусгайлан бэлтгэж Монгол Улсын төрийн сүлд, төрийн далбааг хүндэтгэлтэйгээр байрлуулна.
6.Тангараг өргөх шүүгч тогтоосон цагт тусгайлан бэлтгэсэн байранд хүндэтгэлтэйгээр орж Монгол Улсын төрийн сүлд рүү харан цэх зогсоно.
7.Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тухайн шүүхийн тамгын газар, хэлтсийн дарга буюу түүний томилсон албан тушаалтан удирдана.Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж, ерөнхий шүүгч, шүүгчээр томилогдсон хүмүүсийг танилцуулан Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангаргийн хуудсыг шүүгч бүрд гардуулна.
8.Шүүгчийн тангаргийг хамтаар буюу ганцаар өргөж болох бөгөөд хамтаар өргөхөд хамгийн ахмад шүүгч нь Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангаргийг цээжээр дээдлэн дуудаж бусад нь дагалдана.Шүүгчийн тангараг өргөж байх үед урилгаар оролцогчид босож хүндэтгэнэ.
9.Шүүгч Монгол Улсын Үндсэн хууль дээр баруун гараа тавиад Монгол Улсын шүүгчийн тангаргийг цээжээр дээдлэн дуудаад Монгол Улсын төрийн сүлдвэнд мэхийн ёслож зүүн өвдөг сөхрөн Монгол Улсын төрийн далбаанаас адис авна.
10.Шүүгчийн тангараг өргөсөн шүүгч нүүрэн талдаа Монгол Улсын төрийн сүлдтэй, түүний дор “МонголУлсын шүүгчийн тангарагийн бүрэн бичвэртэй тангаргийн хуудсанд тангараг өргөсөн он, сар, өдөр, газар, овог, нэр, албан тушаалаа бичиж гарын үсэг зурна.
11.Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан шүүгчдэд баяр хүргэж тангараг өргөх ёслолын ажиллагааг хаана.
12.Шүүгчийн тангаргийн хуудсыг тухайн шүүгчийн хувийн хэрэгт хавсарган хадгална.
13.Тангараг өргөх ёслолын ажиллагааны талаар тодорхой тэмдэглэл хөтөлнө.
no